Дэлхий дахины итгэл үнэмшлийг төрүүлж, автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх байр эзэлдэг Рено компанийг үүсгэн байгуулагч Луи Рено нь 1898 онд анх тус компаниа байгуулж байжээ. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа мотор, цахилгаан гэх мэт механик объект, төхөөрөмжийг ихэд сонирхдог байсны дээр дуу цөөтэй хүүд онцгой хоёр чанар байсан нь гайхалтай нарийн мэдрэмж ба үлэмж хөдөлмөрч зан байв.

Луи Рено өнөөг хүртэл хэрэглэгдэж буй ардаа хөтлөгчтэй автомашины бүдүүвч загварыг бодож олсон бөгөөд ингэхдээ хөдөлгүүрийн эргэлтийг арын дугуйнуудад гинжин дамжуургаар бус, харин шарнираар тоноглогдсон кардан булаар очиж байхаар бүтээсэн нь дэлхийн анхны хурдны хайрцаг болов. Үүнээс яг жилийн дараа 1898 онд Луи өөрийн 0.75 кВт буюу нэг морины хүчин чадалтай хөнгөн тэрэг “вуатюретка”-гаа босгосон бөгөөд энэ нь “Рено” компаний түүхийн эхлэл болсон байдаг. Чингээд Рено компани нь гуравхан жилийн дотор өөрийн арилжааны сүлжээг бий болгож улсдаа болон хилийн чинадад 120 орчим борлуулагч-дилертэй болж чадсан байна.

Ажилчдынх нь тоо мянга мянгаар тоологдох болсон Рено компани уралдааны болон цуврал машин үйлдвэрлэхийн хажуугаар автобус, ачааны тэрэг, хөдөө аж ахуйн техник, төхөөрөмж зэргээр үйлдвэрлэлээ өргөжүүлэн тэлсээр байв. Дэлхийн I дайны үед “Браунинг” хэмээн алдаршсан Реногийн 600 такси 5000 цэрэг эрсийг Марна голын эрэгт хүргэхэд дайчлагдаж байсан агаад уг таксины загвараар хөшөө босгож байжээ. Луи улсынхаа армийн хэрэгцээнд агаарын нисэх хүчний хөдөлгүүр болон дарвуулт завь, танк зэргийг үйлдвэрлэн гаргасан түүхтэй. Тэрбээр үйлдвэрээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ үйлвэрлэлийн өртгийг бууруулж, хямд үнэтэй атлаа чанартай барааг нийгэмд санал болгохыг компанийн гол стратеги болгон ажиллаж иржээ.

Автомашины дөрвөн дугуйнд тоормос суурилуулах явдал бол зөвхөн Реногийн санаачлага бөгөөд дөрвөн дугуйнд нь тоормос суулгасан “Renault NN” загварын машиныг Жорж Естиен сонгон 1927 онд Сахарын цөлд 17 мянган км газар явж туршилт хийхэд нэг ч механикийн алдаа гараагүй байна.

Ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус корпораци нь эдүгээ дэлхий дахинаа 39 үйлдвэртэй, 128 оронд төлөөлөгчийн газартай, 125 мянган ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.