“Рено-Ниссан” альянс буюу холбоо нь 2017 оны байдлаар автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийн хэмжээнд нэгдүгээрт жагсах болсон билээ. Тус холбоо нь олон улсын эдийн засгийн тавцанд голлох тоглогчид болох томоохон автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны тодорхой хувийг эзэмшиж, үйл ажиллагааг нь удирдан хянадаг. Тухайлбал, Рено компани нь дангаараа БНСУ-ын Samsung Motors-ын 80.1 хувь, Япон Улсын Nissan Motor-ын 43.4 хувь, Румын Улсын Dacia үйлдвэрийн 99.43 хувь, ОХУ-ын АвтоВаз-ын 100 хувь, Daimler компанийн 3.1 хувь, Швед Улсын AB Volvo-ийн 20.5 хувийг тус тус эзэмшиж байна. Тус компани нь суудлын болон ачааны автомашинуудаа “Renault”, ”Samsung”, “Dacia” гэсэн гурван үйлдвэрийн тэмдэглэгээтэй гаргадаг.
Москва хот дахь Рено-гийн үйлдвэр 2007 онд 69 мянган автомашин үйлдвэрлэж байсан бол 2012 онд 167.406 мянган автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх жилүүдийнхээс даруй 19 хувиар өсч, Рено корпорациас тус үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт нь 480 сая еврод хүрсэн байна. 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тус үйлдвэр нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэв. Энэ оны байдлаар тус үйлдвэр нь Renault Duster, Renault Latitude, Renault Kaptur, Nissan Terrano загварын автомашинууд үйлдвэрлэж тэдгээр нь ОХУ-ын зах зээлд маш амжилттай борлогдохын зэрэгцээ экспортын хэмжээ нь огцом өсч байна.
Рено корпораци 2016 онд үйл ажиллагааныхаа стратегийн дунд хугацааны зорилтдоо, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн тогтворгүй байдлыг үл харгалзан 128 оронд үйл ажиллагаа явуулж буй зах зээлд эзлэх хувь хэмжээгээ улам нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлнэ хэмээн тодорхойлсон байна. Корпораци энэ онд санхүү, үйлдвэрлэлийнхээ өсөлтийг тогтвортой барихын тулд шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, олон улсын туршлага судлалыг хөгжил дэвшилтэй уялдуулахыг чухалчилж ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Рено корпорацийн дэлхийн зах зээлд гаргаж буй суудлын автомашинуудын хамгийн их борлуулалттай таван машиныг дурдвал, нэгдүгээр байранд Clio (418.728 ширхэг), Sandero (402.100 ширхэг), Logan (334.139 ширхэг), Duster (326.294 ширхэг), Megane (253.246 ширхэг) байна.
“Оны шилдэг Европын автомашин” наадмын зургаан удаагийн шагналт Рено корпораци нь Euro NCAP ослын туршилтаар хамгийн аюул багатай автомашинаар шалгарч “Таван од”-ын эзэн болж хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалж чадсан амжилттай. Энэхүү туршилтын гол шалгуур нь автомашины тээж буй бүх зорчигчийн ба бага насны хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэхийг сорьдог байна.