20-р зуунд дотоод шаталтын хөдөлгүүр нь шатахууныг шатааж, түүнээс үүсэх энергийг ашиглах технологи голлож байсан бол шинэ зуун гарснаар автомашинд шинэ төрлийн энерги үүсгэгчийг хэрэглэх шаардлага урган гарсан юм. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энергийн эх үүсвэр, эдийн засгийн хэмнэлттэй холбоотой гэдгийг хүн бүр мэдэж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд байгаа хайбрид ба цахилгаан автомашинууд эдгээр шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж байгаа.

Renault корпораци хорь гаруй жилийн туршид өөрийн үйлдвэрлэж буй тээврийн хэрэгсэл, бизнесийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахыг эрмэлзэж байгаа юм. Тус группийн ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ын дарга Карлос Гон 2009 онд компанийнхаа стратегийн төлөвлөгөөний тухай мэдэгдэхдээ, Рено 2012 он гэхэд цахилгаан автомашины боломжит бүхий л загваруудыг зах зээлд нийлүүлсэн байх тухайгаа автомашин үйлдвэрлэгчдийн дунд итгэлтэй хэлж байжээ. Харин түүний амласан хугацаа болоход Рено зорилгодоо хүрсэн байв. Эдүгээ тэд автомат жолоодлогот (бие даасан) автомашин, цахилгаан хөдөлгүүрт автомашин, цахим тоноглолт автомашин зэргийг нийтийн хүртээл болгохын төлөө шаргуу ажиллаж байна.

Тэдний үйлдвэрлэдэг цахилгаан автомашинуудаас дурдвал: Renault Zoe, Renault Twizy, Renault SM3 Z.E, Renault Kangoo гэх зэрэг хоёроос долоон хүний суудалтай цахилгаан тэргүүд тус тус худалдаалагдаж байна. Цахилгаан хөдөлгүүр нь бусад төрлийн энерги үүсгэгчүүдтэй харьцуулахад илүү хямд төсөр, аюулгүй, найдвартай, эдийн засгийн үр ашиг, хэмнэлттэй юм. Судлаачид 2020 он гэхэд дэлхийн нийт автомашины 10%-ийг, 2030 он гарахад 25%-ийг цахилгаан машин эзлэх урьдчилсан төлөв гаргасан байна. Одоогоор үйлдвэрлэгдэж байгаа цахилгаан автомашинуудын гол дутагдал нь хангалттай хэмжээнд цэнэг хураах боломжгүй байгаа ба үүнийгээ дагаад нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр туулах зай харьцангуй богино байна. Хэдий тийм ч сүүлийн үеийн нано-технологийн судалгааны дүнд батарейн хүчин чадал жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд цахилгаан автомашин нь шатахуунаар ажилладаг автомашинтай адил өргөн хэрэглээнд нэвтрэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал юм.